Манай бага сургуулийн онцлог нь цөм хөтөлбөрөөс гадна хүүхдийн насны онцлогт тохирсон, цогц хөгжүүлэх төрөл бүрийн сургалтын агуулгатай.
Монтессори сургалтын хөтөлбөр
Монтессори хөтөлбөр нь доктор Мария Монтессоригийн боловсруулсан сургалтын арга зүй бөгөөд бие даасан байдал, нээлттэй орчин, хүүхдийн хөгжлийг цогцоор нь авч үздэг. Боловсролын энэхүү арга зүй нь хүүхдүүд байгалиасаа сониуч зантай, дэмжлэг үзүүлж чадах орчинд бие даан суралцах чадвартай гэсэн итгэл үнэмшилд тулгуурладаг. Бид уг арга барилын онцлог давуу талуудыг шингээн бага сургуулийн цогц хөтөлбөрийг бэлтгэлээ.
Мария Монтессори нь дараах ойлголтыг онцлон авч үзсэн байдаг.
Үүнд:
- Хүндлэл– Хүүхэд бүрийн онцлогийг хүндэлж, түүнд тохирсон хэмнэл, арга зүйг ашиглах, чөлөөтэй сэтгэх, сонголт хийх зэрэг эрх чөлөөг зохих хэмжээнд олгох.
- Орчин– Бага насны хүүхдийн онцлог нь орчин тойрон болон хүмүүсээс тасралтгүй мэдээллийг шүүлтүүргүйгээр шингээн авч байдаг. Тиймээс алхам тутамд зөв мэдээллийг хүлээн авч болох орчин, сургалтын системийг бэлтгэх.
- Насны онцлог– Бага насны хүүхдийн хөгжил үндсэн таван үе шатыг дамждаг: Эмх цэгц, хэл яриа, хүртэх мэдрэмж, хөдөлгөөн, нийгмийн харилцаа.
- Олон талаас нь хөгжүүлэх– Хүүхдийн оюун ухаан, бие бялдар, сэтгэл хөдлөл, нийгмийн харилцааны хөгжлийг дэмжсэнээр тэдний нөөц бололцоог бүрэн нээх боломжтой гэж үздэг.
- Хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалт– Сургалтын хөтөлбөр нь хөгжлийн өвөрмөц үе шат, сонирхол, хэрэгцээнд тулгуурлан хувь хүний онцлогт тохирсон байх шаардлагатай. Сурган хүмүүжүүлэгчид хүүхэд бүрийн ахиц дэвшлийг хянаж, цаашид өсөн хөгжихөд дэмжих.
- Хөдөлгөөний болон сонголтын эрх чөлөө– Хүүхэд чөлөөтэй хөдөлж, сонирхлоо даган суралцах нь хамгийн үр дүнтэй байдаг.
- Бие даасан байдал– Хүүхдийг өөрсдөө хийж, бодож сурах орчин, материал, зааварчилгаагаар хангах. Учир нь хүүхдийг зөв сэдэлжүүлсэн тохиолдолд тэд бие даан сурах чадвартай, төрөлхийн суралцагчид гэж М. Монтессори үзжээ.
Дээрх сургалтын арга зүй болоод монгол уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааны хүрээнд сурагчдыг бие даасан, эерэг хандлагатай, дасан зохицох, асуудлыг даван туулах чадвартай, хүнлэг, энэрэнгүй иргэдийг төлөвшүүлнэ.
Таны хүүхэд юу хийж бүтээж, ертөнцийг хэрхэн өөрчилж чадах нь хязгааргүй билээ.